Соронзон мэт татах хүчтэй УРАН ИЛТГЭГЧ болох 12 алхам

 Монголд яриаг нь хэдэн ч цагаар сонсоод уйдамгүй уран илтгэгч нар шинээр төрөн гарч байгааг та мэдэж байгаа биз ээ. Гэтэл харамсалтай нь энэ чадварыг бүрэн эзэмшсэн хүн тун цөөхөн.
PowerPoint бол ямар нэгэн үзүүлэн

таниулах материал бэлтгэдэг програм гэдгийг та мэдэж байгаа биз ээ. Гэтэл presentation буюу танилцуулга материалаа бэлтгэх бол асуудлын өчүүхэн хэсэг юм. Та түүнийгээ хуралд оролцогч хүмүүст зөв хүргэж чадахгүй бол тэр чинь хий хоосон ажил болж хувирна. Мэдээж сайн танилцуулга таны дотнын туслагч болно. Гэхдээ л хүмүүст ямар сэтгэгдэл төрүүлж, санаагаа зөв ойлгуулах эсэх тань зөвхөн танаас шалтгаална. Иймээс уран илтгэгч болоход тань туслах 12 алхмыг хүргэж байна.

Хэлсэн ярьсан үгс нь удаан хугацааны дараа ч гэсэн чихэнд сонсогдох шиг болдог уран илтгэгчдийн талаар та сонсож, тэдний илтгэлийг нүдээр үзэж, чихээр сонсож байсан биз дээ. Уран илтгэгч хүний ярьж байгааг сонсож байгаа хүмүүс юуны түрүүнд аз жаргалтай байх ёстой. Уран илтгэгч хүн таны тархийг өөрийн үзэмжээр удирдаж, таны бодол санааг нэвт шувт мэдэж байдаг. Тэгэхээр уран илтгэл гэдэг бол танд гутал зарж байгаатай л бараг адил юм даа.

Уран илтгэх урлагийг англи хэлэнд Charisma гэдэг. Үүнийг "Оюун санааны онцгой хүч чадал, хувь хүнд нөлөөлөх чадвар, олноор цугларсан хүмүүсийг удирдах чадвар" гэж тодорхойлсон байдаг. Charismatic буюу уран илтгэгч хүн хамгийн сонирхолтой оргил үе дээрээ зогсох хандлагатай байдаг. Эсвэл төгсгөлийг маш уран сайхан хийдэг. Өөрөөр хэлбэл түүнийг дараачийн удаад дуртайяа сонсохоор тийм л нөхцөл байдлыг үүсгэдэг. Яг л сайн барааг худалдан авагчид ятган үнэмшүүлж авах дурыг нь хүргэж байгаатай ижил юм. Гэвч уран илтгэл гэдэг бол үнэндээ бараа зарахаас хамаагүй хэцүү урлаг бөгөөд томоохон их сургуулиудын профессорууд ихэнхдээ л шилдэг илтгэгчид болсон байдаг.
Улс төрчдөөс Ц.Элбэгдорж, нийгмийн зүтгэлтнүүдээс С.Ганбаатар мэтийн уран илтгэгчдийг та мэдэж байгаа. Гадаадын улстөрчдөөс Винстон Черчилл, Адольф Гитлер мэтийн домог болсон уран илтгэгчдийг бас санаж байгаа биз ээ. Тэд эхэн үедээ та бидэн шиг л илтгэх урлагт тийм ч сайн байгаагүй юм. Тэгэхээр та уран илтгэгч болохыг хүсэж байна уу? Тэгээд та тийм болж чадах болов уу? Хачирхалтай нь хариулт нь ТИЙМ юм. Эцсийн эцэст хүн болгон уран илтгэгч болох боломжтой.

Та улс орны хэмжээнд нөлөөлөхүйц уран илтгэгч болохгүй юм аа гэхэд ядаж байгууллагынхаа хурал, түншлэгч этгээддээ аятайхан сэтгэгдэл төрүүлхүйц хэмжээнд илтгэл, presentation-ээ тавих ёстой. Энэ бол орчин үеийн менежер, програмч, ажилтан, ер нь хэн бүхэнд тулгарч байгаа гол шаардлагуудын нэг юм. Тэгэхээр уран илтгэгч болоход заавал мөрдөх ёстой дүрмүүд гэж бий. Үүнийг шилдэг мэргэжилтнүүд хэнээр ч хэлүүлэхгүй өөрсдөө олж мэдсэн байдаг бол та бид эдгээрийг сурч мэдэж авснаар маш их цаг хугацааг хэмнэх болно.

Ойлгомжтой болгох үүднээс уран илтгэлийн чадваруудыг 12 ширхэг жижиг хэсгүүдэд хуваалаа. Та эдгээрийг сайтар ойлгоод бага зэрэг практик хийхэд л дажгүй илтгэгч болно.

ЧАДВАР 1:

Уран илтгэгч нь өөртөө бат итгэлтэй байдаг. Тэд хэзээ ч бухимдуу юм уу, зовиуртай харагддаггүй.
Энэ чадварыг эзэмших 2 арга зам бий. Энэ бол гаднаасаа, дотроосоо юм. Гаднаасаа чадварыг олон дахин ярих замаар олж авна. Маш их ярих тусам чамд өөртөө итгэх итгэл хар аяндаа бий болно. Тэр тусмаа нэгэн сэдвээр олон дахин илтгэл тавих нь маш сайн дасгал болдог. Хэрвээ чи тухайн сэдвээр 5-аас олон удаа ярилцлага хийж, илтгэл тавих аваас тухайн сэдвээрээ маш сайн мэдлэгтэй болж тэр хирээр туршлага, дадлага олж авна. Ер нь сайн бэлтгэлтэй байвал ямар ч нөхцөл байдал бий боллоо гэсэн барьц алдахгүй. Сүүлд нь хэлэхэд өөрийнхөө өсөж дэвжиж байгааг байнга мэдэр. Өөртөө урам өг. Бүр болохгүй бол хамгийн дотно, танил нөхдийн хүрээнд танилцуулга, илтгэл тавигтун. Илтгэлдээ бэлтгэж орж ирж байгаа хүн бүрийг хаалган дээр угтан жижиг ч болтугай хувийн харилцаа үүсгэхийг хичээ. Ингэвэл илүү тохиромжтой, тухтай, итгэлтэй байх болно.

Харин итгэлтэй байхад дотроосоо суралцах нь тийм ч амар биш. Эсвэл бүр хялбархан ч байж болно. Бухимдах, цухалдах, тайван бус байх бүхий л сэтгэл зүйн хүчин зүйлсийг авч хаяхыг хичээ. Дарамт шахалт, сэтгэл зүйн тавгүй байдлаас гарах зарим зөвлөмжүүдийг унш. Бүр болохгүй бол илтгэлээ тавихын өмнө нүдээ аниад амар, хэдэн минут сайхан амарч зөвхөн өөрийгөө мэдэрч төвлөрүүл. Хэд сайхан суниагаад авахад бие тавирч их аятайхан болдог. Бас амаа том ангайлгахаа мартав аа.

ЧАДВАР 2:

Уран илтгэгч нар нь зугаатай хүмүүс байдаг бөгөөд тоглоом шоглоом хийх, хошигнох, элэглэх, инээмсэглэхээс хэзээ ч татгалздаггүй. Илтгэлээ тавихын өмнө, тавьж байхдаа сэдвийнхээ хошин талыг байнга бодогтун. Илтгэлийг хэт нүсэр тавих хэрэггүй байдаг, харин заримдаа хөнгөн хэлбэртэй байвал их зүгээр. Боломжоороо хошин шог хэлбэр, үг хэллэг оруулбал их сайн. Өөрийгөө бага зэрэг буруушаах маягтай хошигнол ч байж болно. Ер нь инээж чаддаг хүн бусдад их сайхан сэтгэгдэл төрүүлдэг.

ЧАДВАР 3:

Уран илтгэгч бол хүчирхэг бас идэвхтэй байдаг. Чимээгүй, уйтгартай хүн хэзээ ч юм зарж чаддаггүй. Тэгээд ч чиний илтгэл, хичээл дээр хүмүүс унтаж байгаа бол чиний хувьд сүйрэл юм. Ямар ч аргаар хамаагүй тэднийг сэрээх хэрэгтэй. Идэвхтэй, эрч хүчтэй байхын тулд чи өөрөө юуны өмнө сайн амарсан байх ёстой. Хэрвээ чи дөнгөж онгоцноос буусан бол хэдхэн минут ч болсон дугхийгээд авахыг бод. Ярьж эхлэхээсээ л гараа зохимжтойгоор хөдөлгө, сонсогч хүмүүсийн зүг үргэлж идэвхтэйгээр хар, харцаараа ойлголц. Хэрвээ зогсож байгаа бол бүтэн алхахгүйгээр байнга биеэрээ хөдөл. Нэг хэвийн хоолойны өнгөөр хэзээ ч ЯРЬЖ БОЛОХГҮЙ. Нэг хэвийн гоншигносон дуу хүний нойрыг хамгийн их хүргэдэг. Хоолойнхоо өнгийг сэдвийнхээ дагуу өндөр нам болго. Практик хийж байхдаа өөрийн дуугаараа бичлэг хийгээд сүүлд нь сонсож болно. Хүний хоолойны шинжийг pitch, tone, volume гэсэн 3-н үзүүлэлтээр илэрхийлнэ. (Авиа тон, хөг аялгуу, чанга сул)

ЧАДВАР 4:

Уран илтгэгч хүн тухайн сэдвээ сайн мэддэг. Мэдээж, сайн мэдэхгүй юмаа ярина гэдэг бол хэцүү, бараг бүтэшгүй зүйл юм. Иймээс илтгэл тавихын өмнө тухайн сэдвээ аль болох судалж олон талаас нь мэдэж авах хэрэгтэй. Чиний ярих гэж байгаа бүтээгдэхүүн, үйлчилгээ, сэдвийн чинь түүх нь ямаршуухан бэ? Ер нь ямар ч илтгэл дээр түүхийг заавал мэдэж байх ёстой байдаг. Аль болох өргөн хэмжээнд мэдлэгтэй байвал чиний илтгэл үр дүнтэй болох магадлал маш өндөр билээ.

ЧАДВАР 5:

Уран илтгэгч нар хэзээд нүдэнд дулаахан, аятайхан харагддаг. Аятайхан харагдана гэхээр давхраатай алаг нүд, өндөр хамар бодуузай. Тэгвэл том эндүүрэл болно. Аятайхан харагдах гэдэг бол сонирхолтой ойлголт юм. Хүн дотроосоо болон гаднаасаа давхар аятайхан харагдаж байж сая нийлбэрээрээ аятайхан харагдана. Гаднаасаа гэхээр чиний өмссөн хувцас хиргүй, биед чинь эвтэйхэн зохисон, хэт содон биш байх ёстой. Бас заавал анхаарах зүйлс бол үсээ сайхан засуулсан, гутал чинь гялалзаж байх ёстой. Харин дотроосоо гэхээр чи өөрийн сэтгэл санааг аль болох хөнгөн, дарамтгүй байлгах явдал юм. Чиний царай цаанаасаа л нэг унжгар, баргар байвал бүх юм бүтэлгүйтнэ. Илтгэлдээ орохын өмнө бол илтгэлээ тавьж байхдаа аль болох сайн сайхан зүйлсийг бодож, өөрийгөө цэнэглээрэй.

ЧАДВАР 6:

Уран илтгэгч нар түгдрэлгүйгээр, бүтэн өгүүлбэрээр, зөв найруулгатайгаар ярьдаг. Тэд хэзээ ч "за", "одоо", "юу" гэх мэтийн сул үгсийг хэрэглэдэггүй. Шуудхан хэлбэл тэд найруулан ярихдаа гарамгай байдаг. Гайхалтай нь хүн болгон сайн илтгэгч болох боломж бий. Гэхдээ юуны өмнө эх хэлээ сайн мэддэг, бичгийн найруулга, ярианы найруулгын талаар мэдлэгтэй, түүнийг хэрэглэж сурсан байх ёстой.
Юуны өмнө залхуурахгүйгээр практик хий. Өөрийн хэлсэн ярьсан бүхнээ бичиж аваад дахин дахин сонс. Хаана алдаа гаргаж, найруулгаа яаж засмаар байгаагаа ол. Хэрвээ камераар видео бичлэг хийвэл бүр л сайн, гэвч жирийн кассетын бичлэг байсан ч болно. Ер нь хүн камерын өмнө зогсож нүүр хагарах явдал их чухал байдаг. Та ичээд байдаг бол ганцаараа хэдэн мянган удаа ч өөрийгөө авч болно шүү дээ. Ингэсний дараа та үнэхээр илт сайжрах болно. Бэлтгэл хийх тусам таны яриа зөөлөн тогтвортой, эмх цэгцтэй болж ирнэ.

ЧАДВАР 7:

Уран илтгэгч нар тухайн сэдвээрээ өөрийн гэсэн үзэл бодолтой байдаг. Түүнчлэн сонсогч нарынхаа сэтгэлийн хөдөлгөөн, баяр бахдал эсвэл эсрэгээр буруушааж зэмлэж байгааг мэдрэх болно.
Чамд ярьж байгаа сэдвийнхээ талаар ямар нэгэн үзэл бодол байгаа гэж найдаж байна. Тэр үзэл бодолдоо хэр тууштай байгаа вэ? Ер нь ямар нэгэн бүтээгдэхүүн, үйлчилгээг хүмүүст санал болгож байгаа тохиолдолд тэднийг ятган үнэмшүүлэх ямагт хэцүү байдаг. Энэ үед чиний өөрийн чинь итгэл үнэмшил ихээхэн түлхэц өгөх ёстой. Чи өөрөө эргэлзээд байгаа бол яаж бусдыг итгүүлж араасаа дагуулах вэ дээ!

ЧАДВАР 8:

Уран илтгэгч нар тухайн сэдвээ өргөжүүлэх, дэлгэрүүлэх, чиглүүлэх, үнэмшүүлэх гоц чадвартай байдаг.
Жишээ нь
: бүтээгдэхүүн санал болгосон илтгэл тавьж байгаа бол зөвхөн бүтээгдэхүүнийхээ тухай ярьж болохгүй. Дээрээс нь маш олон зүйлийг товч ч болтугай ярих ёстой. Бүтээгдэхүүн таны амьдралыг хэрхэн өөрчлөх, та худалдан авснаар ямар давуу талыг эдлэх, аз жаргалтай амьдрахад тань тухайн бүтээгдэхүүн хэрхэн, яагаад туслах тухай ярь. Бусад хүмүүс ямар учраас худалдан авдаг тэр нь улс орон, хувь хүнд хэрхэн ач тусаа өгдөг зэргийг хүмүүс маш их сонирхдог. Даанч харамсалтай нь ихэнх илтгэгч нар энэ талаар огт ярьдаггүй. Тухайн бүтээгдэхүүн олон зуун жилийн өмнө байсан эсэх, ямар зам туулсаар өнөөгийн байдалд ирсэн, цаашдаа ямар хөгжил дэвшил хүлээж байгаа зэргийг уран сайхнаар ярих аваас сонсогч нарт маш их таалагдана. Жишээ нь цаас зарж байгаа бол хэн хэрхэн модноос анх цаасыг гаргаж авсан, цаас өнөөгийн хүний нийгэмд ямар том байр суурь эзэлж байгааг эргэлзэхгүйгээр ярих хэрэгтэй.

Тухайлбал 00-ын өрөөний зөөлөн цаас зарах гэж байгаа бол түүнийг анх 1880 онд Brithsh Perforated Paper компани анх нээж үйлдвэрлэснийг заавал дурдах хэрэгтэй. Харин бичгийн цаасыг Цай Лун хэмээх Хятадын эзэн хаан манай эриний 105 онд нээснийг хэлэх нь зүйтэй болов уу. Гэвч бүүр манай эриний өмнөх 200 онд загасны торыг ашиглан цаасыг үйлдвэрлэж байсан гэсэн баримт саяхан олдсон тухай дурдвал бүр сайн. Бараг 500-аад жилийн турш зөвхөн Хятадад цаасыг ашиглаж байсан бол манай эриний 610 оны хавьцаа Япон руу дэлгэрсэн бол 800 онд Египет, харин 10-р зуунд Европт хэрэглэж эхэлжээ. Эртний Египетэд хэрэглэж байсан цаас нь одоогийн цаастай огт адилгүй, муутуу маягийн юм байсныг нэмж дурдагтун.

Цаасны анхны хэрэглээ нь Төр Засгийн гаргасан хууль тогтоомж, зарлигийг бичих, худалдаачид гэрээ хэлцлээ баталгаажуулах явдал байв. Түүнчлэн шашны сургаал, судар номыг бүтээхэд ашиглагддаг байсан. Иймээс цаас гарсан явдал нь хүн төрөлхтний нийгэмд өгүүлж баршгүй тус нэмрээ өгсөн болох нь тодорхой гэж нэмж хэлээрэй.

Ингэж дэлгэрүүлж ярих үед хүмүүс танай бүтээгдэхүүний тухай муу юм бодож амждаггүй. Яагаад гэвэл та ангайтал маш сонирхолтой түүх яриад байна шүү дээ. Та тэдний нүдэнд энэ бүх зүйлийг өөрөө хийчихсэн юм шиг санагдах болно.

ЧАДВАР 9:

Уран илтгэгч хүн бүх сонсогч нартайгаа холбоотой байдаг. Хэрвээ та илтгэл тавьж байхдаа зөвхөн нэг эсвэл хэсэг хүн рүү хандаж яриад байгаа бол мөн ч түүхий байна даа. Танхимын үлдсэн хэсэг яах болж байна! Иймээс хүн бүртэй ямар нэг байдлаар холбоо тогтоож, энэ харилцаагаа үргэлж амьд байлга. Харилцаа тогтоох үндсэн хэрэгслүүд бол нүд, дохио, биеийн хөдөлгөөн, гар, сэтгэлийн хөдөлгөөн зэрэг юм. Тэр тусмаа нүдний харьцаа бол хамгаас чухал.

Томоохон танхимыг хэсэг хэсгээр нь хуваагаад түүгээрээ нүдээрээ дахин дахин тэнүүчил. Дороо байнга хөдөл, гараа ашигла. Та заалны баруун тийш хандан гараараа занган ярихад л тэр тал амьд болж ирнэ. Хэрвээ боломж байвал бүр алхан хүмүүст ойртон, дундуур нь явсан ч болно. Харин индэр, ширээний ард үргэлж нуугдах хамгийн муу арга болой.

Харин жижиг өрөөнд бол үргэлж цаас эсвэл үзүүлэн гарч байгаа хана руу ширтээд байж болохгүй. Оролцогч хүмүүс рүү ялгалгүйгээр харц тулгар. Бас гараа ашигла, инээмсэглэ, урагшаа бөхий, ойрт. Ингээд л таны илтгэл амьд сонирхолтой болж ирнэ.

ЧАДВАР 10:

Уран илтгэгч нар ирээдүйдээ итгэлтэй, хөгжилтэй, нийтэч байдаг. Бараг бүх хүмүүс сөрөг, муу зүйл сонсох дургүй байдаг. Харин тэрний оронд шийдлийг нь сонсох тун дуртай. Одоогийн байр байдал нилээд муухан сөрөг байгааг нотлоод харин хурдхан шиг түүнийг шийдэх аргачлал руу орох хэрэгтэй. Ер нь аливаа асуудал дээр нааштай талаас нь яривал их зүгээр. Тэр тусмаа ирээдүйг сайн сайхнаар харж яривал илтгэл амжилттай болоход асар тустай. Тэр тусмаа төгсгөлийг заавал сайн сайхнаар дуусгаарай.

ЧАДВАР 11:

Уран илтгэгч нар нарийн зохион байгуулалттай. Тэдний ярианы сэдвүүд тодорхой нэгээс нөгөө рүү мэдэгдэмгүйгээр шилжиж байдаг. Тэдний эхлэл, төгсгөл нь тодорхой, ойлгомжтойгоос гадна хэлэх гэсэн санаагаа цагтаа болон орон зайдаа бүрэн багтаадаг.

Хэрвээ та илтгэлийнхээ төгсгөлд "уул нь цаг байсан бол илүү их зүйл ярих байлаа. даанч цаг хүрсэнгүй, эсвэл дараа дахин үргэлжлүүлье" гэх мэтийн өгүүлбэр хэлдэг бол та уруудах замдаа орж байгаа илтгэгч юм байна. Орчин үед завтай бөгөөд таныг тэгээд л дахин дахин сонсохоор ирж байдаг сонсогч бараг л байхгүй дээ. Иймээс олдсон завшааныг ашиглан дахин хэзээ ч тааралдахгүй юм шиг л сонсогч хүндээ анхаарал халамж тавих хэрэгтэй. Илтгэлийнхээ өмнө цагтаа хуваарилан бүдүүвч ноорог хий. Энэ бол сэдвүүдээ цагтаа хуваах, өөрөө өөрийгөө удирдахад маш тустай. Дор дээр үед хэрэгждэг байсан худалдааны үзүүлэнгийн стандарт байна:

  • Илтгэлийнхээ нээлтийг хийх
  • Сэдвээ нийтэд нь авч үзэх (өмнөтгөл)
  • Худалдан авагчид юу хэрэгтэй болох
  • Та хэрэглэгчийн шаардлагыг хэрхэн хангаж чадах
  • Хэрэглэгч шаардлагатай зүйлээ худалдаж авах нарийвчилсан алхмууд
  • Төгсгөлийн үг (дүгнэлт)

Ингээд харахаар л таны бэлтгэх үзүүлэнгийн материал, ноорог бараг харагдаж байгаа биз дээ? Томоохон илтгэл дээр хэсэг бүрийг дахин цааш нь задална шүү дээ. Хичнээн сайн зохион байгуулна танд илтгэл тавихад төдий чинээ хялбар байх болно.

ЧАДВАР 12:

Уран илтгэгч хүн ухаалаг, үнэнч шударга, зөв арга барилтай, тэвчээртэй, цэвэр ариун, хариуцлагатай байдаг.

Таныг яриаг олон хүн чагнана. Ёс суртахуунгүй, хүмүүжил муутай хүн олон хүний өмнө гарч бусдад нөлөөлж чадна гэдэг бол юу л бол. Иймээс таны илтгэл амжилт муутай болоод байгаа бол эцсийн шалтгаан нь энэ ч юм билүү. Хэрвээ та нийгэм, шашин, байгаль ертөнцийн тухай буруу ойлголттой байдаг бол ихэнх хүмүүстэй зөрчилдөх болно шүү дээ.

Ер нь эцсийн эцэст танд итгэж болох уу, үгүй юу? Танаас хүмүүс таны хэрэглэж байсан машиныг тань худалдаж авах уу, үгүй юу? Та бусдыг өөртөө итгүүлэх шаардлагатай. Үүний тулд л үнэнч шударга, тэвчээртэй, зөв сэтгэлгээтэй, цэвэр ариун, хариуцлагатай бай гээд байгаа юм шүү дээ. Ихэнх илтгэлийн дараа асуулт хариулт өрнөдөг. Энэ үед таны хариулт өмнө ярьсантайгаа зөрөх, чигч шударга хариулт өгч чадахгүй дүлэгнэх, юм л бол "сайн мэдэхгүй" гэж булзааруулах аваас таны илтгэл тэр чигтээ үр дүнгүй болж байгаа нь тэр.

БҮХ УРАН ИЛТГЭГЧ НАРТ ЭДГЭЭР 12 ЧАДВАР ЗААВАЛ БАЙДАГ. Аль нэг нь л байхгүй аваас тэр бол жинхэнэ шилдэг уран илтгэгч биш юм.

Сэтгэгдэл (15)